Манай суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжиж эхлээд 3 жил болж байгаа. Мөн 2019 оноос “Малын эрүүл мэнд төсөл” хэрэгжиж аймгийн хэмжээнд загвар сумаар сонгогдон малын эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний загвар нэгж бий болгох ажлыг хэрэгжүүлж байна.
Малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторын дарга, мэргэжилтнүүд, Аймгийн мал эмнэлгийн газрын төлөөлөл, мөн Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн манай суманд хүрэлцэн ирж сумын удирдлагууд, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн нэгжийн малын эмч нар болон албан байгууллагын дарга эрхлэгч, нярав, тендер нийлүүлэгч аж ахуйн нэгжийн эзэд, малчид оролцсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын нээлтийг Засаг дарга М.Жамъяншарав нээж Бэлчээрийн ногоон алт төслийн багтай хамтран ажиллаж, Малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэхэд аймгийн хэмжээнд загвар сумаар сонгогдсонд талархалж, цаашид хамтран ажиллах чиг үүргээ тодорхойллоо.
Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторын дарга Ц.Энхтуяа: Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдлыг үнэлэх, лабораторид шинжилгээ хийх, мал эмнэлгийн эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Малын эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, сумдад мал эмнэлгийн үйлчилгээний загвар нэгж бий болгох ажлыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, сургалтын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Сургалтын үр дүнд
1. Иргэд, малчид хүнсний аюулгүй байдлын талаар цаг үеийн мэдээлэлтэй болсон.
2. Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд болон мал эмнэлгийн нэгжийн эмч нар шинэ программын мэдлэгтэй болсон.
3. Сургалтанд оролцсон иргэн, малчдад шинээр нэвтэрч байгаа программ болон малын халдварт, халдваргүй өвчний талаар гарын авлагаар хангагдсан.
4.Албан байгууллагын дарга, эрхлэгч нар тухайн байгууллагынхаа нярав, тендер нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн эзэдтэй хамт сургалтанд оролцсон давуу талтай.
Малын эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системд мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг сумын Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн нэгжүүд хамтран зохион байгуулан ажиллаж байна.
МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ