card

 

ӨВ.БАТ-ӨЛЗИЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН

ТАНИЛЦУУЛГА  

            1940 онд Бат-Өлзий суманд “Улаан гэр” нэртэй явуулын үйлчилгээ аймгаас ирж дуу, бүжиг, Ши жүжиг тоглон ухуулга яриа хийж иргэдэд соёл урлагийг сурталчлах зорилготойгоор Соёлын байгууллагыг үүсгэн байгуулсан түүхтэй.

1956 оноос  сумын төвийн баруун талд суурийг нь тавьж анхны эрхлэгчээр Чимэддорж гэдэг нутгийн авьяаслаг залуу томилогдож,  “Улаан булан” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан орон тооны анхны кино механикчаар Д.Доржсүрэн ажиллаж тэмээ, морин тэрэг хөлөглөн киноны аппарат, мотороо угсараад бригад, сүүн завод болон алслагдсан малчид, оторчдоор явж кино гэдэг урлагийг иргэдэд танин мэдүүлж явсан түүхтэй. 1965 онд 1000ш номтой номын сан байгуулагдаж анхны номын санчаар Ш,Хандаамаа ажиллаж хөдөөд урлаг соёлын ухуулга сурталчилгааг хийж иргэдийн дунд ном унших, ном цуглуулах соён гэгээрүүлэх ажлыг гардан зохион байгуулж байв. 1965 онд нэгдлийн төсвөөр шинэ клуб баригдаж, соёл олон түмний төрөл бүрийн ажил зохиогддог, хөдөлмөрчдийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгрүүлэх төв баригдсан.

            Үүний зэрэгцээ сумын багийн төвүүдэд 80-100 хүний суудалтай “Улаан булан” нэртэй ард иргэдийг соён гэгээрүүлэх байртай  болсон. Түүнээс хойш клубт 2 удаа өргөтгөл хийж 1973 оноос үзэгчдийн 250 хүний суудалтай  үзвэрийн танхим, орон нутгийн танхимтайгаар байгуулагдаж одоог хүртэл  үйл ажиллагаагаа явуулж байна.

            Бат-Өлзий сумын Клуб нь 1973-1987 он  хүртэл дизелээр тог авдаг, түлээ модоо өөрсдөө бэлдэж галладаг байсан бөгөөд  1987 оноос цахилгаан эрчим хүч, нэгдсэн уурын зууханд холбогдсон.  Орон тоо бүтцийн хувьд эрхлэгч, номын санч, кино механикч гэсэн орон тоотой ХАА нэгдлийн өмчинд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд орон тооны бус “Мөнгөн хүрхрээ” нэртэй уран сайханчдын хамтлаг байгуулагдан  нүүдлийн кино, номын сан, урлагийн бригад, сүү тосны заводаар явж хөдөөгийн иргэд хөдөлмөрчдөд үйлчилдэг байсан. 

1990 онд Соёлын төвийн барилга өмч хөрөнгө төсвийн мэдэлд очиж эрхлэгч, номын санч, үйлчлэгч гэсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байв. 1997 оноос өөрийн гэсэн бага оврын зуухтай болж ажиллах хүч нэмэгдэн 3 гэрээт ажилтантай болсон.

2000-2004 он хүртэл Нутгийн иргэдийн хөгжлийн төв нэртэйгээр хүүхэд залуучуудын асуудал хариуцсан ажилтан, хөдөлмөр нийгмийн халамжийн ажилтан, албан бус боловсролын арга зүйч, соёлын ажилтан, номын санч, үйлчлэгч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан. 2004-2007 он хүртэл эрхлэгч номын санч, соёлын ажилтан, үйлчлэгч, машнист нийт 7 орон тоотой  байсан бол  2007 оны 10 сараас эхлэн бүтэц зохион байгууллалтын хувьд дарга, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, нярав үйлчлэгч, 2016 оноос ОНСТ-ын ажилтан зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.

2018 онд 400 хүний суудалтай шинэ соёлын төв ашиглалтад орж иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

                                              СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ