ДЭЛХИЙН БАНК, “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3” ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАТ-ӨЛЗИЙ СУМАНД АЖИЛЛАЛАА
Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Өвөрхангай аймаг дахь “Тогтвортой амьжиргаа-3” төсөл үйл ажиллагаагаараа улсад тэргүүлсэн.
Монгол Улсын хэмжээнд 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог хангах, орон нутгийн засаглалын чадавхыг бэхжүүлэх зорилготой тус төсөл үйл ажиллагааны гүйцэтгэлээр өнгөрсөн жил Бат-Өлзий сум, энэ жил Тарагт сум тус тус тэргүүлж, нэгдсэн дүнгээр Өвөрхангай аймаг тэргүүн байранд шалгараад байгаа юм.
Энэ хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 12-нд Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн баг болон Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, ТЗУХэлтсийн дарга Н.Энхцэцэг, Тогтвортой амьжиргаа-3 төслийн мэргэжилтэн Т.Нарангарав болон сумын Засаг дарга М.Жамъяншарав, холбогдох мэргэжилтнүүд хамтран сумын хөгжлийн бодлого, Орон нутгийн хөгжлийн сан, Тогтвортой амьжиргаа төслийн талаар ярилцаж, санал бодлоо солилцож цаашид анхаарах зүйлсийг хэлэлцэж, мөн суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудтай танилцаж үнэлэлт, дүгнэлт өгсөн. Мөн Архангай, Булган, Төв, Баянхонгор, Дундговь аймаг дахь төслийн зохицуулагчид туршлага судалж, хамтран ажиллав.
“Тогтвортой амьжиргаа-3” төслийн удирдагч Инго Вейдер хэлэхдээ “Бат-Өлзий сумын хувьд хөрөнгө оруулалт яалт ч үгүй л иргэдэд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдаж чадсан байна. Шинэ суурьшлын бүсэд цахилгааны асуудал шийдэх, зам гүүр тавих, сургууль цэцэрлэгийг өргөтгөх гэх мэтээр үр дүнтэй ажил хийгджээ” гэлээ.